Green Dot багийнхан бидэнд үндсэн 2 зорилго байдаг: эрүүл амьдралын талаар шинжлэх ухаанч мэдлэгийг бүтээлчээр түгээх; уг мэдлэгээ амьдралдаа ашиглахад нь хүнд туслах бүтээгдэхүүн хөгжүүлэх.
Харин эрүүл амьдралын тулгуур багануудын нэг нь эрүүл орчин. Бид эрүүл орчин, ялангуяа Уур амьсгалын өөрчлөлтийг нухацтайгаар судлан контент бүтээдэг ба одоо энэ ажил Earth Month Club санаачлагаар үргэлжилж байна.
Анх Дэлхийн дундаж температур хэрхэн огцом өсч буй бичлэгийг үзээд би үнэхээр цочирдсон. Аажмаар буцалж буй тогоон дахь мэлхийн үлгэр дотор амьдраад байгаагаа мэдсэн учир үүний эсрэг үйлдэл хийхээр шийдсэн.
Би дунд сургуульдаа Уур амьсгалын өөрчлөлтийн талаар заалгаж байсан хэдий ч тэр мэдлэг үйлдэлд хөтлөхөөр хангалттай байгаагүй. Тиймээс өөрийнхөө үеийнхэн болон өсвөр үеийнхэндээ одоогийн нөхцөл байдлыг бодитоор таниулж залуус бидэнд үүнийг өөрчлөх хүч байгаа гэдгийг ойлгуулахыг хүссэн билээ.
Энэ сэдвээр өсвөрийнхнийг уриалж эхлэхэд Уур амьсгалын өөрчлөлтийн талаар огт мэддэггүй, мэддэг ч хаанаас эхлэхээ мэддэггүй ганцаарддаг, өөрчлөлтийн нөлөөг аль хэдийн амьдралдаа мэдэрсэн ч үүний эсрэг юу хийхээ олоогүй олон хүүхэдтэй танилцсан. Бид одоо хамтдаа болсон учраас 1 САЯ үйлдлийн төлөөх чалленжаар эхний алхмаа хийн илүү олон, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн дундаж температур хэрхэн огцом өсч буй нь
Аажмаар буцалж буй тогоон дахь мэлхийн үлгэр
Green Dot багийнхан бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг активистууд. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар өөрсдийгөө мэдлэгжүүлэх, үүний эсрэг чадах бүхнээ хийх нь хүн хүний дотроос, өөрийн ухамсарт шийдвэрээс үүсдэг гэдэгт бид итгэдэг. Ийм учраас бид Монголын өсвөр насныханд сонирхлыг нь татах контентоор баталгаат мэдээлэл хүргэж, өөрсдийнх нь ЯАГААДыг сонсож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хувьдаа ямар бодит үйлдэл хийж болохыг нь таниулж хүчжүүлэхээр анхдагч төслөө 2022 оны 4-р сард хэрэгжүүлсэн билээ.
Ингэхэд, Монголын уур амьсгалын өнөөгийн байдлыг эндээс харж болно шүү.
Анхдагч төсөл болох 1 сарын хугацаатай чалленжид оролцсон өсвөр насныхан уур амьсгалын өөрчлөлтийн талаар өөрсдийгөө мэдлэгжүүлж, НҮБ-ын дэмжлэгтэй утасны апп болох AWorld дээрх Монголын багт нэгдэж, өдөр бүр уур амьсгалын үйлдэл хийн бүртгэж, өөрсдийн хүрээлэлдээ сурсан мэдсэнээ түгээсэн. Бид тэдэнд зориулж уур амьсгалын өөрчлөлтийн талаарх баримтууд, олон улсын болон дотоодын зорилгууд, хувь хүний хийж болох үйлдлүүдийг боловсролын контент, сургалт, товч уншлагын материал болгон хүргэсэн. Үр дүнд нь өсвөрийнхний өөрсдийнх нь санаачлагаар Монгол орон даяар тархан суурьшсан идэвхтэй Элчүүдийн баг үүссэн ба та биднийг газрын зураг дээр эндээс харж болно.
Өсвөр насныханд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлэхэд нь тусалж өөрсдийн үйлдлийг (эсвэл эс үйлдлийг) гартаа авахад нь дэм болсноор зөвхөн 2022 оны Эх дэлхийн сарын туршид л гэхэд 30 мянган уур амьсгалын үйлдэл бүртгэгдсэн. Та эндээс анхдагч төслийн маань үр дүнг харж болно. Хэрэв бид өсвөр насныхны уур амьсгалын аялалд нь илүү цэгцтэй дэмжлэг үзүүлбэл тэд илүү ихийг бүтээж чадна гэж бид итгэж байна.
Ийм учраас бид ямар зохион байгуулалт, ямар контент, ямар технологи тэдэнд илүү их дэмжлэг болохыг, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү их нөлөө үзүүлэхийг нарийвчлан судлахаар дараагийн алхам болох сараар сэдэвчилсэн, өөрөө удирдах, орон нутгийн клубуудыг байгуулахаар ажиллаж байна. Та ч бас амьдардаг газартаа өөрийн клубыг байгуулах боломжтой ба бидэнтэй Earth Month Club дээрх формоор дамжуулан холбогдоорой.